Ухарч буй дайсны цэргүүдийг гүйцээхээр салаанынхан сүүлчийн сумаа гамналгүй цацаж байлаа.. Үлдсэн 2 танкныхаа ард өрөвтас шувуу шиг нугдайж ухарцгаах япончууд бас л чамгүй эсэргүүцэл үзүүлсээр ухарч байв. Ганаа гүйхээрээ ирж өвдсөндөө ярвайн хэвтэх Зоригтын дэргэд ирээд суран бүсээ тайлан цусыг нь тогтоох гэж оролдох зуураа "Ёстой баллаж тавьлаа шүү тэ?" гэж илт баярласан дуугаар хэлэнгээ, өө манайханаас ч нэмэлт хүч ирж явна гэж үл ялиг өндийнгөө ярьж байтал суран бүсний хүчтэй боолтонд шархдсан хөл шархийхтэй зэрэгцэн тэсэхүй бэрх өвдөлт Зоригтыг ухаан алдуулав...
...........-"Иш миний хүү цайгаа уу?" гэж илт догдолсон харцаар Дулам гуай хүүдээ саяхан уудалсан цай барив. Ээжийн цай цаанаа л өөр шүү, ялангуяа Дулам хөгшний цайг илт ууя гэж ирэхгүй ч хол ойрын хов жив ярих завшаанаар амсах боломжийг нутгийхан нь алдахгүй. Өвгөн Балдангийн зан ааш ч нутгийнхнийг татна. Насаараа анчин хийсэн Балдан гуай "Гүү ер, насаараа нүгэл хийсэн нүгэлт хар гөрөөчингөөс юу сонсох гээв? Та нар ухайс.." гэсээр хэрхэн улаан гараараа чоно агнасан тухайгаа, баавгайн ичээнд орж баавгай гижигдэж ална гэж мөчөөрхөж байгаад арьсаа хуулуулах шахсан тухайгаа эгээ л жүжиг ший үзэж байгаа сэтгэгдэл төрүүлтэл ярина.. Балдан гуайнд орж өвгөний яриаг сонсонгоо, Дулам эмгэний цайны сайханд мансуурч ажил албаа алдацгаах нь энүүхэнд..
Гэхдээ өнөөдөр Дулам эмгэний сайхан цайг ууж өвгөний яриаг сонсохоор ирэгсэд алга.. Гэрт нэг л дүнсгэр. Өвгөн хоймроо үе үе хоолойгоо засангаа хаш соруултай их гарын гаансаараа утаа баагиулж сууна. Харц нь их л юм бодсон аятай тоон руугаа шагайх аж. Дулам эмгэн тэрүүхэндээ л "өвгөөн чи нэг юм бодооч ганц хүүгээ дайнд явуулчих ч хэцүү юм.. Авч үлдэх арга чарга хайж болохгүй юмуу?" гэж асуусан харцаар өвгөний зүг хартал өвгөн "хэцэс" хэмээн илт дургуй янзтай буруу хараад суучихав.. Зоригт дэмий л сумын улаачийн өглөөхөн гардуулсан цэргийн зарланг нэг эргүүлж нэг нугалж үзнэ.. "За байз дайнд явах юухан байхав.. намайг явчвал баян Тавнангийн муу Болдоо Үжинг эргүүлээд салахгүй дээ, Баян хүн ч сайхан юмдаа дайнд хүртэл явахгүй үлдчихнэ, Муу ижий аавд маань туслах хүнгүй л хэцүүдэх байхдаа" гэхчлэн элдэв бусыг бодож сууснаа "Ээж минь дээ, явалгүй яахав эх орон дуудаж байна шүү дээ, би Үжинтэй уулзчихаад ирий, та миний юмыг баадагнан байгаа..?" гэсээр бостол Дулам эмгэн тэссэнгүй "Иш чааваас чи тэр дайн гэдэг чинь ямар айхтар юм байдгыг мэдэхгүй байж юун том том яринав.. Дөнгөж 19 хөн настай юм шүү дээ үр минь" гэсээр том том нулимс унагаж эхэр татан уйлсаар үлдлээ..
Зоригт арай чүү нүдээ нээлээ, ам зүйргүй ихээр цангах тул уруулаа шилэмдэн өндийх гэж оролдох гэтэл түүний мөр лүү нэг самурай муухай орилсоор бууныхаа жадаар сүлбэчихэв.. Ир муутай бууны жадны үзүүр Зоригтын бие лүү ширхийн орохтой зэрэгцэн дахин ухаан балартан унахдаа тэрээр Ганаагын цохондоо том шархтай царайг хараад амжив.. "Манайхан ялсан биздээ???" гэж өөрөөсөө асуусаар дахиад л зүйргүй их өвдөлтийн мананд бүрхүүлэв..
.............-"Зоригтоо тийшээ явахгүй үлдэж болохгүй юмуу" гэж цээжинд толгойгоо наасан Үжин нь эгээ бүжин туулайных шиг хөөрхөн алаг нүдээрээ асуух аж. Гэхдээ түүнийг амаараа хэлсэнгүй. Уул нь амаараа хэлвэл дээрсэн.. Зоригт тэгвэл их баярлана... Гэвч үеийнхнээсээ хамаагүй хатуужил сайтай хар багаасаа өнчин өрөөсөн өссөн Үжинг тэгэхгүй гэдгийг Зоригт сайн мэдэж байв.. Тэд нүдээрээ л ярилцана. "Би явмааргүй л байна. Ядаж би чамайгаа эхнэрээ болгочихоод явах юмсан", "Битгий яваач, би яах юм бэ? Чамгүй бол би яаж амьдрах юм бэ? Тэсэж чадахгүй байхаа, хэцүү юм яг л зүрхнээс минь талыг нь авчихаж байгаа юм шиг" тэд ийнхүү нүдээрээ бас биеэрээ ярилцана.. нулимс, хөлс бас хайр үнэртэнэ.. Нэвт норсон 2 сэтгэлийг гэр доторх хүмүүс сайн ойлгоно.. "Чишш.. ах хоолойгоо засаад байнааа.", "Яадын бэ?, чи бид хоёр дахиж уулзахгүй ч байж мэднэ шүү дээ?" , "... Ямар муухай юм ярьдаг юм бэ?" , "Чи намайг явуулмаар байна уу?" , " .... Эх орон дуудаж байна шүү дээ" , "Болдоо та хоёр намайг явчихаар суучих байхдаа?" , " Амлаж байна, чи ирэхгүй байсан ч би болдоотой суухгүй, тэгсэн дор бол үхсэн нь дээр"... ,"Би чамд хайртай", Үжин хариуд нь нүдэн дээр үнсэнэ...
-Хөөш сэр... сэр, хэмээн нүүр лүү нь хүйтэн ус цутгахтай зэрэгцэн Зоригт нүдээ нээв.. Илт монголжуу царайтай япон цэргийн дүрэмт хувцастай цэрэг өөдөөс харах бөгөөд хажууд нь хөлс нь бурзайж ханцуйгаа шамласан илт ахмад тушаалтай байрын нэг япон цэрэг зогсож хүйтэн инээдээр мушилзана.. Түүнийг хоёр гараар нь таазанд байх илт зориулалтын молон гуалинд дүүжилжээ. Жадлуулсан мөрөөр шархиран өвдөнө. Эргэн тойрноо харвал гараа ардаа хүлүүлж амандаа алчуур чихүүлсэн Баагий ухаан алдсан бололтой хэвтэж байв. Зоригт өөрийгөө хаана ирсэнийг ерөнхийдөө ойлголоо.
-Танай хүн чамайг ахалж байсан гэж байсан, Чи ямар цолтой юм бэ? Нөгөөх монголжуу царайтай япон цэрэг асуув. Зоригт юм хэлсэнгүй.. Хажуудах Япон цэрэг нь харж зогсож байснаа хаанаас гаргаж ирсэнийг бүү мэд модон сэлэм гаргаж ирээд Зоригтын жадлуулсан мөр лүү дэлсээд авав.. Алуулж байгаа ямаа шиг орилохыг хүссэнгүйдээ Зоригт шүдээ зуулаа.. Дахиад л асуулт...
-Та ямар цолтой вэ? Энэ япон дарга их муухай хүн шүү, Өчигдөрхөн тэр танай нэг Монгол цэргийг яргалж алсан. Тэр санасандаа хүрдэг л хүн.. Чи хэлсэн нь дээр..
-"Чам шиг японыг зөндөөг цааш нь харууллаа. Гэж наадахдаа хэл муу гөлөг минь.."
-Ингэсний хэрэггүй дээ хэлвэл юу болно гэж бодож байна?
-Надад хамаагүй, дуугай хэл муу барга дээрэмчин минь..
-Би Өвөр монгол хүссэндээ ингэж яваа юм биш..
-Чи наад хувцасаа өмссөн нь бол адилхан, муу урваач минь..
Өнөөх япон дарга мань хоёрын хоорондоо үл таних хэлээр ярилцахыг тэвчсэнгүй Зоригтыг илт зөрүүдэлж байгааг анзаарсан тул дахин нэг модон сэлмээр цавчив.. Энэ удаа буудуудсан хөлийг онилов.. Тэгэхдээ тэргүй үеэрээ буудуулсан байсан хөл тун эвгүй хойшоо нугараад явчив. Зоригт дахин ухаан алджээ..
.......Цэрэгт явагсадыг үдэж өгөхөөр сумын улаан булангын урд үй олон ардууд цуглажээ. Ээжүүд, эмэгтэйчүүд уйлна. Хүүхдүүд учираа мэдэхгүй баярлалдана гүйлдэнэ. Аавууд бас хөвгүүддээ захиасаа захина.
"Нөхдөө" гэсэн дуунаар бүгдийн анхаарал нэг тийш зүглэв.
Нэгдэлийн дарга Тэрбиш гуай үг хэлэхээр чанга яригчаар ийнхүү хашгирсан нь тэр аж.. Чанга яригч барьчихаад хэтэрхий чанга хашгирсандаа санаа зовсондоо хэсэг дуугай хурааж хоолойгоо зассан нь цугласан олонд их л сэтгэл нь догдолсон аятай харагдав.
-"Нөхдөө" хэмээн дахин арай аярхан дуугарсан Тэрбиш гуай өөрийнхөө хоолойг сонсоод болж байгааг мэдэнгүүтээ урдаас бэлдсэн цаасаа гарган уншиж эхлэв..
"Манай нэгдэл, сумын хамт олон, хөдөлмөрчин ардууд минээ.. Гадаад империалист гүрэн болох Япон улс манай улс руу зарлаагүй дайн эхлүүлсэнтэй холбогдуулан Монгол Ардын Их хурлын тэргүүлэгчидийн төлөөлөгчидийн ... дугаар тогтоол гарсантай мөн холбогдуулан цэрэгт татаж байгаа билээ.." гэж уншиж байснаа гэнэт цаасаа авч шидээд илт сонсогдохуйцаар санаа алдсанаа..
"Хүүхдүүд минь, бидэндээ бүрэн бүтэн хүрээд ирээрэй" хэмээн Тэрбиш даргын дуу гэхээргүй цахиртсан хоолойгоор яриад үгээ дуусгав. Энэ явдал цугласан олныг улам ч үймрүүлсэн тул Өвгөн Балдан үг хэлэхээр Тэрбиш гуайн байр луу зүтгэв..
Дулам гуай доголон нулимстай чигээр цаад өвгөн чинь яаж солиорох нь тэр вэ? Хүү минь чи болиулсан дээр байгаа гэсэн ч Зоригт хөдлөхийг хүссэнгүй аавыгаа чухам тэгээсэй гэж хүсэж байх шиг..
Өвгөн Балдан амьдралдаа хэзээ ч амандаа барьж үзээгүй чанга яригчийг Тэрбиш гуайгаас булаах шахуу авсанаа амандаа нэг барьж үзчихээд буцаагаад шидчихсэн нь цугласан олонд бага ч гэсэн хөгжөөн нэмэв..
Балдан гуай үүгээр дууссангүй гаансаа гаргаж ирж аманд зууснаа буцаагаад өвөртөлчихөөд илт сандарсан ч түүнийгээ нуухыг хичээн хоолойгоо сурсан зангаар засаад ийнхүү хэлэв.
"За хүүхдүүд минь, нутаг нэгт хөршүүд минь, ахан дүүс минээ, Бидний өмнө нэрийг нь ч дуулж байгаагүй муухай амьтас эх орныг булааж, үр хүүхдийг минь цагаач болгож, өөрсдийг минь газрын хөрстэй тэгшлэхээр ирж явна. Сонсвол тэд 21 оны гамингуудаас хэрцгий улс бололтой. Тэд тэр холоос манай улсыг эзлэхээр ирж байгаа тул лав шийдчихсэн улс бололтой дог.. Иймээс та минь үр хүүхдээ эх оронд нь тушаах цаг болжээ. Одоо тэднийг эх оронд нь өг. Эх орон биднийг хэдэн үеэр минь тэжээж ачилж, ан амьтан, өвс ургамал, ус, агаараараа тэтгэсэн. Одоо ачийг нь хариулах цаг болжээ. Эх орныхоо төлөө, Ач зээ, Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө муухай амьтасыг ирсэн газар луу нь буцтал, хоншоорыг дэлс.. Хүүхдүүд минь эх орны цэргүүд минь Эх орон та нартаа тушаал өгсөн. Тушаалыг нь биелүүлээд чадвал эргээд ирцгээ хүүхдүүд минь.."

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: